Бидний тухай
Амлалтыг биш, хийсэн ажлыг нь дүгнэе
shiid.mn нь Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 625 зорилт бүрийн биелэлтийг хараат бус экспертүүд болон иргэд хамтдаа үнэлдэг платформ. Аль ч намд харьяалагддаггүй, одоогоор ямар ч санхүүжилтгүй иргэний санаачилга.
Бид юуны төлөө ажилладаг вэ
Ажил маань НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 16-р зорилт буюу ил тод, хариуцлагатай, оролцоотой институцийн гурван дэд зорилттой шууд холбогддог.
Яагаад эхлүүлсэн бэ
"Татвар нэмэхгүй" гэсэн амлалтыг бид сонссон. Гэтэл одоо олон төрлийн татвар нэмэгдэж, гаражнаас хүртэл татвар авдаг болсон. Хамгийн их анзаарагдсан зүйл бол бид үүнийг жирийн зүйл мэт хүлээн авч, юу амласныг нь мартчихсан байсан явдал.
Сонгуулийн өмнө бид "хэн юу амлаж байна?" гэж асуудаг. Харин "өмнө нь юу амласан, түүнийхээ хэдийг нь хийсэн бэ?" гэж бараг асуудаггүй. Энэ асуултад нотолгоонд суурилсан хариулт өгөхийн тулд shiid.mn-ийг бүтээсэн.
Иргэдийн санаачилга
shiid.mn нь аль ч намд харьяалагддаггүй, улс төрийн албан тушаалтан, төрийн байгууллагатай холбоогүй иргэдийн санаачилга. Амлалтыг иргэд өөрсдөө үнэлж, хараат бус экспертүүд нотолгоотой дүгнэлт өгдөг.
Бидний зарчим
- Нам бус. Бид аль нэг намыг дэмждэггүй, эсэргүүцдэггүй. Зөвхөн амласан, хийсэн хоёрын хоорондох зайг хэмждэг.
- Нотолгоонд суурилсан. Экспертийн дүгнэлт бүр эх сурвалжтай бөгөөд хэн ч шалгах боломжтой.
- Ил тод. Аргачлал, модерацын дүрэм, санхүүжилтийн мэдээллээ нээлттэй нийтэлдэг.
- Иргэдийн дуу хоолой. Иргэн бүртгэлгүйгээр, нэрээ нууцлан санал өгөх боломжтой.
Дэлгэрэнгүйг Аргачлал хуудаснаас уншина уу.
Экспертээр нэгдээрэй
Бид улс төрөөс хараат бус дүгнэлт хийж чадах мэргэжилтнүүдийг урьж байна: эмч, инженер, барилгачин, бизнес эрхлэгч, багш, судлаач болон бусад. Тухайн салбартаа 10-аас дээш жил ажилласан бол хүсэлтээ илгээгээрэй.
Одоогийн экспертүүдийг Экспертүүд хуудаснаас харна уу.
Хэрхэн дэмжих вэ
Зорилтуудыг үнэн бодитоор үнэлж, сэтгэгдлээ аль болох олноор үлдээгээрэй. Иргэдийн сэтгэгдэл, мэдлэг мэдээлэл ирээдүйд зөв хүнийг сонгоход суурь мэдээлэл болно.
Зорилтуудыг үнэлэх →Байгууллагаараа дэмжих бол Түнш болох хуудсыг үзнэ үү.