Аргачлал
Бид зорилтуудыг хэрхэн үнэлдэг вэ
shiid.mn нь Засгийн газрын амласан зорилт бүрийн биелэлтийг хоёр тусдаа эх сурвалжаар хянадаг: нэрээ нээлттэй харуулдаг хараат бус экспертүүд, мөн өдөр тутмын амьдралдаа өөрчлөлтийг мэдэрч буй иргэд. Энэ хоёрыг нэг тоо болгон холихгүй, зэрэгцүүлж харуулдаг.
1. Зорилго ба хамрах хүрээ
Платформ нь Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 625 зорилтыг хамардаг. Зорилго нь аль нэг нам, албан тушаалтныг дэмжих эсвэл эсэргүүцэх биш, харин амлалт бүрийн биелэлтийг нотолгоонд тулгуурлан, нээлттэй, давтан шалгах боломжтойгоор харуулах явдал юм.
Платформыг аль ч намд харьяалагддаггүй, мөрийн хөтөлбөрүүд биелэхийг хүсдэг жирийн иргэн санаачилж, хөгжүүлж байна. Одоогоор албан ёсны байгууллага байгуулаагүй. Платформ одоогоор ямар ч санхүүжилтгүй. Ирээдүйд санхүүжилт авбал санхүүжүүлэгч бүрийг энд нийтлэх бөгөөд тэд үнэлгээ, модерацын шийдвэрт оролцохгүй.
2. Өгөгдлийн эх сурвалж
- Зорилтууд: Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн албан ёсны эх бичвэр. Бодлого, чиглэл, дэд бүлэг, дугаарлалт эх бичвэрийн бүтцийг дагана.
- Намуудын мөрийн хөтөлбөр: МАН, АН, ХҮН-ийн 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр. "Тусгасан" гэдэг нь тухайн намын хөтөлбөрт агуулгын хувьд ижил буюу маш төстэй амлалт байгааг илэрхийлнэ. Харьцуулалтыг платформын санаачлагч хийсэн: Засгийн газрын хөтөлбөрийн зорилт бүрийг гурван намын мөрийн хөтөлбөртэй нэг бүрчлэн тулгаж, агуулгын хувьд давхцах заалтыг тэмдэглэсэн. Картанд хаалтан доторх дугаар нь тухайн намын мөрийн хөтөлбөрийн заалтын дугаар. Харьцуулалтад алдаа олсон бол доорх хаягаар мэдэгдээрэй.
3. Экспертийн үнэлгээ
Хэн эксперт болох вэ. Тухайн салбарт мэргэшсэн, нэр, байгууллагаа олон нийтэд нээлттэй харуулахыг зөвшөөрсөн хүмүүс. Эксперт нь тухайн салбарт 10-аас дээш жил ажилласан байна. Өөрийгөө болон бусдыг эксперт болгох саналыг saruulbayar@consultant.com хаягаар нээлттэй хүлээн авч, шалгуурын дагуу хянаж нэмнэ. Эксперт бүрийн жагсаалтыг Экспертүүд хуудаснаас харна.
Ашиг сонирхлын зөрчил.
- Эксперт ажлын байр, байгууллагаа профайлдаа нээлттэй бичнэ.
- Улс төрийн намд удирдах албан тушаал хашиж буй, эсвэл 2024 оны сонгуульд нэр дэвшсэн хүн эксперт болохгүй. Намын гишүүнчлэлтэй бол урьдчилан мэдүүлнэ.
- Эксперт өөрийн ажилладаг, хэрэгжүүлэхэд шууд оролцсон, эсвэл гэрээгээр ажилласан байгууллагын хариуцсан зорилтыг үнэлэхгүй.
- Зөрчил илэрвэл тухайн үнэлгээг хасч, шаардлагатай бол экспертийг жагсаалтаас хасна. Зөрчлийн талаарх мэдээллийг доорх хаягаар хүлээн авна.
Үнэлгээний бүрэлдэхүүн. Эксперт зорилт бүрд дараахыг өгнө:
- Төлөв (заавал): доорх гурван төлвийн аль нэг.
- Товч дүгнэлт (заавал, 20–280 тэмдэгт): юу болж байгааг нэг-хоёр өгүүлбэрээр.
- Нотлох эх сурвалж (заавал, 1–3): Албан мэдээ, Хууль эрх зүйн акт, Төсвийн гүйцэтгэл, Хэвлэл мэдээлэл, Өөрийн судалгаа. "Өөрийн судалгаа"-наас бусад төрөлд линк заавал байна.
- Нэмэлт (заавал биш): хэрэгжилтийн явц (0–100%), 2028 он гэхэд биелэх магадлал, гол саад (санхүүжилт, хууль эрх зүй, байгууллагын чадавх, улс төрийн хүсэл зориг, гадаад хүчин зүйл), дэлгэрэнгүй шинжилгээ, өөрийн мэдлэгийн итгэлцэл.
Нэгдсэн төлөв. Зорилтын албан ёсны төлөв нь дор хаяж 3 экспертийн саналаар тогтоно. Аль нэг төлөв бусдаасаа илүү санал авбал тэр төлөв болно. Хамгийн олон санал авсан хоёр буюу түүнээс дээш төлөв тэнцвэл зорилт "Санал зөрөлдсөн" гэж харагдана. Тэнцсэн саналыг аль нэг тал руу, тухайлбал Засгийн газарт таатай тал руу шийдэхгүй. 3-аас цөөн эксперт үнэлсэн зорилт "Үнэлгээгүй" гэж харагдах бөгөөд хэдэн эксперт үнэлснийг (жишээ нь 1/3) хамт харуулна.
Эксперт бүрийн дүгнэлт нэр, зурагтайгаа зорилтын хуудсанд нийтлэгдэнэ. Эксперт шинэ мэдээлэл гарвал дүгнэлтээ хүссэн үедээ шинэчилж болох бөгөөд хамгийн сүүлийн хувилбар харагдана.
4. Төлвийн тодорхойлолт
Зорилтод заасан үр дүн бүрэн гарсан: хууль батлагдсан, баримт бичиг баталгаажсан, байгууламж ашиглалтад орсон, үйлчилгээ иргэдэд хүрч эхэлсэн гэх мэт. Үр дүнг нотлох баримт заавал байна.
Бодит хэрэгжилтийн алхам эхэлсэн: төсөв батлагдсан, тендер зарлагдсан, төсөл УИХ-д өргөн баригдсан, бүтээн байгуулалт эхэлсэн гэх мэт. Зөвхөн мэдэгдэл, төлөвлөгөө, ажлын хэсэг байгуулсан нь хангалтгүй.
Нотлогдох хэрэгжилт алга, ажил зогссон, санхүүжилт нь хасагдсан, эсвэл хугацаа нь өнгөрсөн боловч үр дүн гараагүй. Зорилтын эсрэг чиглэлтэй шийдвэр гарсан тохиолдол ч энд хамаарна.
Экспертүүд тодорхой дүгнэлтэд хүрээгүй. Жишээ нь гурван эксперт гурван өөр төлөв сонгосон, эсвэл дөрвөн экспертийн хоёр нь "Биелсэн", хоёр нь "Хангалтгүй" гэсэн. Ийм зорилтын экспертүүдийн дүгнэлт, эх сурвалжийг уншиж өөрөө дүгнэхийг зөвлөж байна. Шинэ эксперт нэмэгдэх эсвэл дүгнэлтээ шинэчлэхэд төлөв өөрчлөгдөнө.
Үнэлгээ нь зорилтын текстэд яг юу бичигдсэнийг үндэслэнэ. Жишээ нь "төлөвлөгөө боловсруулж, батлуулна" гэсэн зорилт төлөвлөгөө батлагдмагц биелсэнд тооцогдоно. Тухайн төлөвлөгөөний хэрэгжилт тусдаа асуудал бөгөөд экспертүүд шинжилгээндээ дурдаж болно.
5. Иргэдийн үнэлгээ
- Иргэн зорилтыг 0–100 оноогоор үнэлж, 20–2000 тэмдэгтийн (дор хаяж 4 үг) тайлбар бичнэ. Тайлбар нь онооны цаад шалтгааныг ойлгоход тусалдаг.
- Хурдан санал. Нүүр хуудсанд иргэн тайлбаргүйгээр 5 түвшний аль нэгийг сонгож болно: Огт биелээгүй (0), Бага зэрэг (25), Хагас (50), Ихэнх нь (75), Бүрэн биелсэн (100). Эдгээр оноо медианд тайлбартай саналын адил тооцогдоно. "Мэдэхгүй" гэвэл санал бүртгэгдэхгүй.
- Хурдан санал авах зорилтуудыг хүн гараар сонгодоггүй. Уншихад хялбар богино текстэй зорилтуудаас санамсаргүй байдлаар, цөөн санал авсан зорилтуудыг давуу эрхтэйгээр харуулна. Ингэснээр санал цөөн зорилтод төвлөрөхөөс сэргийлнэ.
- Аймаг эсвэл нийслэлээ заавал, сум эсвэл дүүрэг болон нэрээ сайн дураараа бичнэ. Нэр бичээгүй бол санамсаргүй дугаараар харагдана. Байршил, нэр нь иргэний өөрийн мэдүүлэг бөгөөд шалгагддаггүй.
- Нэг сүлжээнээс нэг зорилтод хамгийн ихдээ 2 удаа санал өгнө.
- Дундаж биш медиан ашиглана. Ингэснээр цөөн туйлын санал дүнг хазайлгаж чадахгүй.
- 20-оос цөөн санал авсан зорилтын дүнг "урьдчилсан" гэж тэмдэглэх бөгөөд хуваалцах зурагт оноо харуулахгүй.
- Эксперт иргэний үнэлгээ өгөх боломжгүй.
6. Эксперт ба иргэдийн зөрүү
Иргэдийн санал 20+ болсон бөгөөд эксперт "Биелсэн" гэсэн атал иргэдийн медиан 35-аас доош, эсвэл эксперт "Хэрэгжилт хангалтгүй" гэсэн атал медиан 70-аас дээш байвал тухайн экспертэд "Дахин хянах" дохио очно.
Эксперт иргэдийн тайлбарыг уншаад дүгнэлтээ шинэчлэх, эсвэл нотолгоонд үндэслэн хэвээр үлдээх эрхтэй. Иргэдийн санал экспертийн дүгнэлтийг шууд өөрчилдөггүй ч заавал дахин харахад хүргэдэг. Энэ хоёр дүгнэлтийн хоорондын зөрүү өөрөө анхаарал татах мэдээлэл бөгөөд хоёуланг нь ил харуулна.
7. Модерацын дүрэм
Иргэний санал зөвхөн дараах тохиолдолд нуугдана:
- Утгагүй текст, спам, сурталчилгаа
- Доромжлол, үзэн ядалт, заналхийлэл
- Хувь хүний мэдээлэл (утасны дугаар, хаяг, регистр гэх мэт)
- Зорилттой огт хамааралгүй агуулга
Санал Засгийн газар, нам, албан тушаалтныг шүүмжилсэн эсвэл магтсан гэдэг шалтгаанаар хэзээ ч нуугдахгүй. Нуугдсан санал устахгүй, шалтгааны хамт хадгалагдах бөгөөд медианд тооцогдохгүй. Линк, утасны дугаар агуулсан эсвэл утгагүй байж болзошгүй саналыг систем автоматаар "хянагдах" төлөвт оруулж, хүн шалгасны дараа нийтэлнэ.
8. Нууцлал
- Иргэн бүртгэл үүсгэх, нэвтрэх шаардлагагүй.
- IP хаягийг буцааж сэргээх боломжгүй хэлбэрээр (давс бүхий SHA-256 hash) зөвхөн давхар санал хязгаарлахад ашиглана. Жинхэнэ IP хадгалагдахгүй.
- Сум бичсэн иргэн "зөвхөн аймгаа харуулах" сонголтоор сумаа нийтээс нууж болно.
- Экспертүүдийн и-мэйл хаяг нийтэд харагдахгүй.
- Сайтын хандалтыг (хэдэн хүн, аль хуудсанд, ямар төхөөрөмжөөр орсон) Google Analytics ашиглан нэгтгэсэн байдлаар хэмждэг. Үүнийг сайтыг сайжруулах зорилгоор л ашиглах бөгөөд хувь хүнийг тодорхойлох, иргэний саналтай холбоход ашиглахгүй.
9. Хязгаарлалт
- Иргэдийн санал нь төлөөллийн түүвэр биш. Энэ нь платформд ирж санал өгсөн хүмүүсийн бодлыг харуулах бөгөөд нийт хүн амын санаа бодлын судалгаа биш.
- Байршил, нэрийг шалгах боломжгүй.
- Экспертийн үнэлгээ нь нотолгоонд тулгуурласан ч мэргэжлийн дүгнэлт хэвээр байна. Тиймээс эх сурвалжийг нь хамт нийтэлж, уншигч өөрөө шалгах боломж олгодог.
- Зарим зорилтын текст ерөнхий бөгөөд хэмжих боломжтой шалгуургүй. Ийм тохиолдолд экспертүүд дүгнэлтдээ үүнийг тэмдэглэнэ.
10. Залруулга ба холбоо барих
Үнэлгээ, өгөгдөлд алдаа олсон, эсвэл шинэ нотолгоо байгаа бол saruulbayar@consultant.com хаягаар мэдэгдээрэй. Баталгаажсан залруулгыг тухайн зорилтын хуудсанд тэмдэглэнэ.
Сүүлд шинэчилсэн: 2026.10.03